Илтгэх урлаг ба үгийн хүч

       
    Хүн төрөлхтөн бие биетэйгээ харилцан ойлголцдог болсон цагаас  илтгэх урлаг үүссэн бөгөөд хоёр мянган жилийн тэртээгээс бие даасан шинжлэх ухаан болж хөгжиж ирсэн.
Илтэх урлаг нь боловсролын хамгийн эртний салбар болон хөгжиж ирснийхээ хувьд хүнд байх ёстой, хэл ярианы чадвар түүн дотор итгэл үнэмшилтэй, сэтгэл хөдлөлтэй, уран яруу, эрч хүчтэй, сонирхолтой, зөв цэгцтэй ярих онолыг дэвшүүлэн тавьж судалсаар байна. Мөн  энэ гайхалтай урлаг нь оршин буй газар нутаг, он цаг, соёл иргэншлээс хамааран эрдэмтэн судлаачид амьдралын туршлага, судалгаан дээр үндэслэж харилцан адилгүй онолуудыг боловсруулдаг хэдий ч уг зорилго нь үгээр бусдад нөлөөлөх чадварт оршдог.
Би энэ илтгэлдээ удирдагч менежер хүний гол чадвар болох илтгэх урлагыг ямар гайхалтай болох , үгийн хүчийг ашиглаж илтгэгч хүн  юу хийж чаддаг болохыг агуу илтгэгчдийн жишээн дээр тайлбарлан бага ч болов уу гэсэн ойлгуулахыг зорьлоо.



Агуулга:
1. Илтгэх урлаг гэж юу вэ? Хаана хэдийд үүссэн .
2. Илтгэх урлагын үндэс үгийг хэрхэн ашиглаж үр дүнд хүрэх.
“Илтгэх чадвар бол дэлхий дээрх бие даасан хүч мөн.”        
Уинстон Черчиль 

              Илтгэх урлаг гэдэг бол хэрхэн үнэмшилтэйгээр яруу сайхан ярихыг судалдаг бие даасан шинжлэх ухаан юм. Зөв сайхан илтгэж ярих онолыг эртний Грект Реторика гэдэг байсан бөгөөд энэ үгнээс Ритор, Оратор, Лектор гэдэг үгс бий болсон. Эндээс үгээр зэвсэглэж, оюуны их хурыг буулгадаг уран илтгэгчийг Лектор гэж нэрлэдэг болсон. 
         Илтгэх урлаг бол мянга мянган хүний оюун ухаан, зүрх сэтгэлийг эзэмдсэн үгийн, харилцааны их эрчим хүч юм. Илтгэх урлаг үгнээс үг, санаанаас санаа, ярианаас яриа төрүүлдэг ухаарал дамжуулдаг ухаан. Илтгэх чадвар хүнийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг бий болгож, өөрөө өөрийгөө таньж мэдэн бусдад үзэл бодлоо нээхэд тусалдаг. Илтгэх урлаг бол өөрийгөө төдийгүй бусдын үйл хөдлөлийг таньж мэдэх мэргэн чадварт суралцуулдаг. Хаана ч, хэзээ ч өөрийн үнэнч хамт олонтой, бусдын хайр хүндлэлийг хүлээсэн, манлайлагч нэгэн болохыг хүсвэл энэ урлагт зайлшгүй суралцах хэрэгтэй. 
            Хүн төрөлхтөн үүссэн цагаас буюу хүмүүс үг яриагаар ойлголцдог болсон үеэс л уран илтгэл үүссэн хэмээн эртний ном сударт тэмдэглэсэн байх нь бий. 2000 жилийн өмнө эртний Грект ярих урлаг бий болж, энэ чиглэлээр сургалт явуулдаг сургууль хүртэл байсан гэдэг. Юлий Цезарь, Наполеон Бонапарт, Авраам Линкольн, Адольф Гитлер, Уинстон Черчиль, дорно дахинаас Күнз гээд дэлхийд нэр алдраа цуурайтуулсан агуу суутнууд бүгд уран илтгэгчид байлаа. Тэд өөрсдийн «шидэт» үгээрээ олон, олон хүний зүрх сэтгэлийг байлдан дагуулж, бүхнийг гартаа «зангидаж» чадсан гэдэг. Харин тэд эхээс төрөхдөө л тийм чадвартай байсан уу гэвэл үгүй. Уран илтгэлийн гайхамшгийн нууц чухам үүнд л оршдог. 
           Нэгэн сонирхолтой жишээ : МЭӨ 384-322 онд амьдарч байсан дэлхийн нэрт уран илтгэгч Демосфен анх хэний ч мэдэхгүй нэгэн байжээ.Түүгээр ч барахгүй хэн ч сонссон шоолж инээмээр тультраа хэл яриатайн дээр цээжин биеэрээ учиргүй бөгтгөр нуруутай хүн байв. Тэрбээр уран илтгэгч болохын тулд далайн хөвөөнд очиж, амандаа чулуу хийж байгаад чанга дуугаар яруу найраг уншдаг байжээ. Далайн давалгааны тэр нүсэр чимээнд амандаа чулуутай ярьсаар байгаад тультраа хэл нь засарчээ. Мөн өгсүүр газар гүйхдээ хоолойнхоо чадлаар орилсоор сул дуунаасаа ангижирсан бол таазнаасаа хурц үзүүртэй мэс унжуулж өчүүхэн төдий хөдлөхөд нь биеийг нь хатгахуйцаар байрлуулж дасгал хийсний дүнд бөгтөр нуруу нь ч бас тэгширчээ. Ийнхүү тэр асар их тэвчээрийн ачаар олон хүнийг үг яриагаараа илбэдэгч удирдагч болсон түүхтэй.

            Мөн АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгчдийн ная орчим хувь нь цэргийн гаралтай байсан ба маш уран гоё ярьдаг хүмүүс байв. Авраам Линкольноос авахуулаад Ричард Никсон, Билл Клинтон гээд ёстой л уран үгийн эзэд. Тэд индэрт хэлэх илтгэлээ бүр зургаан долоон хоногоор бэлтгэдэг бөгөөд тэдэнд үг бэлддэг тусгай өрөө хүртэл байдаг.
Илтгэгч хүн үгийн хүчээр бусдыг дагуулдаг. Тиймээс уран илтгэгчийн зэвсэг бол үг юм. Оросын анхны акедемич  суут бичгийн хүн М.В.Ломносов илтгэгч хүнд үгийн баялаг  байж гэмээнэ бусдад итгэл үнэмшил төрүүлж, нэр төртэйгөөр хүлээн зөвшөөрөгдөнө гэж хэлсэн байдаг. Илтгэгч илтгэлийнхий хэмнэлийг зөв найруулж чадвал үгээр юуг ч дүрсэлж, харуулж, амтлуулж, сонсгож ухааруулж чадна. Уран зураач бийрээр бүхнийг дүрсэлж чаддаг шиг жинхэнэ илтгэгч үгээр бүхий л зүйлийг урлаж болно. Өөрөөр хэлбэл илтгэгч зөв үг сонгон оновчтой хэрэглэж чадвал жинхэнэ утгаараа үг хүчтэй болж гайхамшгыг бий болгоно.  Зарим илтгэл яриа жишээгээр дүүрэн байхад бусдых нь тоо баримт судалгаагаар баялаг байдаг. Энэхүү тоо баримтыг бусдад ойлгуулахдаа зүгээр нэг хэлээд өнгөрөх биш хялбархан ойлгох байдлаар холбож өгдөг. Жишээ нь усны судалгаагаар хөгжингүй орны нэг хүний өдрийн усны хэрэглээ 150 л байхад  ядуу буурай орны нэг хүний өдрийн хэрэглээ 5л байдаг.  Үүнийг өөрөөр таны 5 минут шүршүүрт зогсох тэр ус ядуу буурай орны нэг хүний гурван өдрийн хэрэглэх усыг булааж байдаг  гэж илтгэвэл илүү ойлгомжтой болох юм. Үгэнд энерги хуримтлуулах, цаг хугацаа орон зайг өөрчлөх, сэтгэл хөдлөлийг жолоодох, үзүүлж харуулах, үйлдэлд зоригжуулах хүч чадал бий. Үгийг зохих ёсоор зохион байгуулж, хэмнэлтэйгээр дуудахад хүний сэтгэхүйд хүчирхэг нөлөө үзүүлдэг.  
         “Үг бол мөнх үлддэг цорын ганц зүйл. Та мөнхөрмөөр байна уу?” гэж агуу уран илтгэгч Черчиль хэлсэн байдаг. Сайхан ярих чадвар нь хүний сэтгэлийг гэгээрүүлж бас гэрэлтүүлдэг. Хүмүүс сайхан зүйлд тэр тусмаа гэгээлэг зүйлд дуртай учир сайхан яриагаар та ямар ч хүнийг өөртөө татаж чадна. Үг бол бусдад шинэ эрчим , урам зориг, идэвх зүтгэл хайрлаж байдгаараа ид шидтэй. Амжилтын олон түлхүүрийн нэг нь гарцаагүй илтгэх, ярих чадвар хүнд амжилт авч ирдэг олон авьяас чадвараас хамгийн хүчтэй нь илтгэх чадвар юм. Алдаагүй сайн ярих чадвар араасаа үргэлж алдар нэр, амжилтыг дагуулж байдаг.
         Хүн төрөлхтний түүхэнд үлдсэн олон үйл явдлууд үгийн хүчийг ашиглаж байсан. 1863 онд Авроом Линколин өөрийн алдарт үгээ хэлж байсан бол түүнээс яг 100 жилийн дараа буюу 1963 оны 8 сарын 28-ны өдөр Линколны бунхны өмнө хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Мартин Лютер Кинг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг тавьсан алдартай илтгэлээрээ хэн хар цагаан байх нь ялгаагүй бүгд тэгш эрхтэй гэдгийг олон мянган хүний өмнө үгийн хүчээр л итгүүлж чадсан.
          “Би мөрөөдөж байна” хэмээх алдарт илтгэл тавигдах хүртэл эрх чөлөөний гэгдэх Америк улсад хүнийг арьс өнгөөр нь ялгаварлан үзэх үзэл байсаар л байсан. Энэ илтгэлээс хойш Америкийн ард түмэн хүн болгон тэгш эрхтэй юм байна гэдгийг ухаарсан. Үгээр хийсэн хувьсгал зэвсгээр хийсэн хувьсгалаас хүчтэй байдгийн жишээ нь энэ юм. 

        Эцэст нь хэлэхэд илтгэх урлаг нь хүн өөрийн санаа бодол, үзэл баримтлалаа зорилго чиглэлтэйгээр бусадтай харилцан солилцох арга хэрэгсэл юм. Мөн илтгэгч нь үгээр зэвсэг хийж , мэдлэг мэдээллээр тэжээгдэн, туршилгаар сайжирч, дүр төрх, үйл хөдлөл дохио зангаагаар амилж бусдад нөлөөлдөг ба үүгээр юуг ч харуулж дүрсэлж урлаж чаддаг. Зөвхөн  шалгарсан улс төрчид, удирдах ажилтнууд л илтгэж чаддаг гэвэл үгүй юм. Хэн ч хаана ч ямар ч мэрэгжил албан тушаалтай хүн байх нь хамаагүй хүн өөрөө хүсвэл  Демосфен шиг хөдөлмөрлөн чадварлаг илтгэгч болох боломжтой юм.

Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл