Чанарын удирдлагын онол

Уолтер Шевхарт, Каору Ишикава, В.Эдвардс Деминг, Жозеф Журан. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын тулд бүтээгдэхүүн бүрийг шалгаж, гологдлыг илрүүлж болно. Энэ нь бүтээгдэхүүн нэгэнт үйлдвэрлэж хөрөнгө материал, цаг хугацаа зарцуулсны дараа хийгддэг ажил учраас үр ашиг муутай. Учир нь гологдол нэгэнт гарчихсан байна. Харин гологдол гарахаас урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнтэй юм.

Чухам ийм үндсэн санааг л чанарын удирдлагын онол агуулдаг. Уолтер Шевхарт гэгч статистикч хүн бүтээгдэхүүний чанарын талаарх статистикийг цуглуулан судалсаны үндсэн дээр эл онолын эхийг тавьсан. Бүтээгдэхүүн бүрийг үзэхийн оронд үйлвэрлэлийн дамжлага бүрийн эцэст төлөөлөл болгон тодорхой тооны бүтээгдэхүүнийг авч үзээд тухайн дамжлагад ямар төрлийн гологдол гарч буй болон түүний шалтгааныг илрүүлэн арилгах юм бол бүтээгдэхүүн бүрийг үзэж шалгахаас илүү хямд бөгөөд үр дүнтэй гэж үзсэн байна. Материалын чанар, машин техникийн байдал болон ажилчны ур чадварын тухайн үеийн байгаа төвшинд урьдчилан тооцоолж болох хэмжээний гологдол гарах бөгөөд энэ хэмжээнээс хэтэрвэл ямар нэг зүйл болохгүй байна гэсэн үг. Ийм үед судалгаа хийж шалтгааныг олж арилгана. Хэрвээ тэрхүү стандарт хэмжээнээс хэтэрсэн гологдол гарахгүй бол үйл ажиллагаа хэвийн байна гэсэн үг аж. Энэхүү аргыг дайны үед цэргийн үйлдвэрүүд хэрэглэж байсан боловч өргөн нэвтэрсэнгүй.


Чанарын удирдлагын менежментийн үзэл цаашдаа улам хөгжин чанарын бүрэн хяналтын онол болсон. (Total quality control theory- TQT Total quality management- TQM) Түүнийг үндэслэгчийн нэг болох Арманд Фейгенбаум чанарын асуудал бол зөвхөн энэ асуудлыг хариуцсан хэлтсийн ажил биш, тухайн үйлдвэр дээр ажиллаж байгаа бүх хүний ажил бөгөөд чанарын гологдол нь бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, худалдах гэх мэт бүх үе шатанд гарч болох учраас бүтээгдэхүүний чанарыг сайжруулах үйлдвэрлэлийн үйл явцыг бүхэлд нь удирддаг менежментийн чиг үүрэгт хамаарна гэсэн үзлийг дэвшүүлсэн.

XX зууны 40-өөд оны сүүлч, 50-иад оны эхэнд америкчууд Японы менежерүүдэд Шевхартын үйл явцын статистик хяналтын системийг зааж, Японд нэвтрүүлж эхэлсэн байна. Үүнд Японд зөвлөхөөр ажиллаж байсан Деминг, Журан нар их үүрэг гүйцэтгэсэн аж. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын төлөө их ажил өрнүүлсний үр дүнд XX зууны 50-60 -аад онд Японы дүр төрхтэй чанарын удирдлагын систем бий болсон байна. Уг системийн онцлог нь ажилчны өргөн оролцоо, өөрийн хяналт, сахилга бат зэрэгт гол нь тулгуурладагт оршино. Ажилчдаас бүрдэх чанарын дугуйлангууд буй болж хаана. Яагаад гологдол гарч байгааг судлан шалтгааныг арилгадаг байна. Дугуйланд ажилчид сайн дурын үндсэн дээр оролцоно. Каору Ишикава шалтгаан-үр дагаврын диаграмыг нэвтрүүлсэн нь чанарын дугуйлангуудад их нэмэр болсон байна. Дараа нь Деминг, Журан нар чанарын бүрэн Удирдлагын онол.практикийг АНУ-д нэвтрүүлэх оролдлогыг хийжээ. Деминг Америкийн эдийн засгийн доройтол, өрсөлдөх чадвар сул байгаа зэргийг барууны маягийн менежменттэй холбон шүүмжилсэн байна. Түүний бодлоор ийм менежментийг бүрэн халж Японы чанарын удирдлагын аргыг нэвтрүүлэх нь зөв ажээ. Тэрбээр 1980 -аад оны эхээр Демингийн 14 зүйл гэж нэрлэгдсэн зарчмуудаа тодорхойлсон ном хэвлүүлсэн байна.

Хүнийг айлгахад үндэслэсэн хуучин аргыг халж удирдлагын шинэ философийг нэвтрүүлэх хэрэгтэй. Энэхүү шинэ философийн агуулга нь хүмүүсийг сургаж хөгжүүлэх, айдсыг арилгах, хошуучлалаар үлгэр жишээ үзүүлэх, байнгын зорилго дэвшүүлж, түүндээ хүмүүсийг чиглүүлэх гэх мэт хүмүүнлэг удирдлагын аргуудыг нэвтрүүлэх асуудлыг багтааж байжээ. Мэдээж зорилго нь чанарын асуудлыг багтааж байв. Журан айдас нь зарим тохиолдолд сэдэл төрүүлдэг учраас удирдлагын аргаас хасаж болохгүй гэж байсан боловч Демингийн нэгэн адил чанарын бүрэн удирдлагын онолыг хөгжүүлэгч байв. Тэрээр Жураны гурвал (Juran Trilogy) гэж нэрлэгдсэн удирдлагын зарчмыг санал болгосон байна. Уг гурвал зарчим нь чанарын төлөвлөлт, чанарын хяналт, чанарын дээшлэлт гурвыг багтааж байв. Чанарын төлөвлөлтийн үед хэрэглэгчдийн хүсэл сонирхлыг судласаны үндсэн дээр ирээдүйн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах арга хэмжээг төлөвлөж, хүрэх төвшинг тогтооно. Хяналтын шатанд чанарын төлөвлөсөн төвшин бодит байдал хоёрыг харшуулан судлах замаар хяналт тавьж доголдлыг арилгана. Улмаар чанарыг сайжруулах талаар байнгын арга хэмжээ авна. Энэ бүхний үр дүнд үйлдвэр байнга чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх болно гэж үзэж байжээ.


Чанарын удирдлагын систем нь хэдийгээр үйлдвэрлэлийн салбарт бий болсон ч гэсэн нийтийн захиргаа, түүний дотор төрийн байгууллагуудад хэрэглэж болно гэж олон судлаач үздэг. Гэвч төрийн захиргааны салбарт бараа бус үйлчилгээ үйлдвэрлэдэг, хэрэглэгчдийн нь хүсэл сонирхол янз бүр байдгаас тэдгээрийг тодорхойлоход амаргүй, байгууллагын тогтож хэвшсэн соёлыг шаарддаг гэх мэт шалтгаанаар төрийн захиргааны салбарт тохиромж муутай гэж үздэг эрдэмтэд ч бий. Гэвч Америкийн зарим муж улсын засаг захиргаа, Засгийн газрын агентлагууд уг аргыг хэрэглэж амжилт олсон жишээ бий ажээ.

Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл