Маркетинг ба түүний эргэн тойронд

   

       Маркетингийн хамгийн гол зүйл нь мэдээлэл цуглуулахаас эхэлдэг. Амжилттай бизнес бүр хэрэглэгчдийнхээ мэдээллийг байнга цуглуулдаг ба зах зээлийнхээ орчинд шинжилгээ хийдэг. Энэ нь хэрэглэгчид тулгарсан асуудлыг шийдэж бүтээгдэхүүнээ хөгжүүлэх боломж гаргадаг ба хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн аяндаа зарагддаг. 



   Хэрэглэгчээс мэдээлэл цуглуулах олон аргуудаас сонирхолтой нэг арга нь компанийнхаа хүмүүсийг хэрэглэгч болгох явдал юм. Компани ажилчдадаа цалингаас гадна өөрсдийнхөө бүтээгдэхүүн, үйлчилгээний урамшуулал өгч хэрэглэгчид болгох хэрэгтэй. Үр дүнд нь ажилчид өөрөө өөрсдөө бүтээгдэхүүнээ хөгжүүлэх, сайжруулах хамгийн үнэ цэнтэй санааг гаргаж, борлуулалтаа өсгөдөг байна.


          Өнөө үед Маркетэрүүд AIDA загварыг их ашиглах болсон. AIDA маркетингийн загвар нь боломжит хэрэглэгчдийг ятгахад ашигладаг үндсэн дөрвөн алхмыг хэлнэ. Эдгээр алхам нь бүтээгдэхүүнийг яг хэзээ, хэрхэн худалдан авахыг хэлж өгдөг бөгөөд үүнд , борлуулахын тулд анхаарал татах Attention , сонирхол төрүүлэх Interest, шохоорхол хүсэл төрүүлэх Desire, үйлдэл хийхийг урин дуудах Action зэргээс бүрдэх ба хүний дотоод мэдрэмжид нөлөөлдөг арга юм. 
Практикт хэрэглэгчийн анхаарлыг татах нь эхний сорилт бөгөөд хөнгөлөлт болон өөр ямар нэг үнэгүй зүйл санал болгох, тухайн үед дэлгэрсэн үг хэллэг хэрэглэх эсвэл асуудлыг хэрхэн шийдэж байгааг үзүүлэх замаар энэ зорилгодоо хүрч болно. Хэн нэгний анхаарлыг нэгэнт татсан тохиолдолд сонирхол болж хувирах ёстой. Хэрэглэгчдэд бүтээгдэхүүний онцлогийн талаар зүгээр л сонсгохоос илүүгээр богино хугацаанд ашиглуулж ашиг тусыг нь мэдрүүлэх замаар энэ зорилгод бүрэн хүрч болно. Асуудлыг шийдвэрлэх баталгаа, үр дүнд үндэслэн зөвлөгөө, чанарын гэрчилгээ зэргийг шохоорхол бий болгоход ашиглаж болох юм. Эцэстээ шохоорхлоо биелүүлэхийн тулд мөнгө үрэх буюу худалдан авалт хийнэ. Веб хуудас болон дэлгүүрийн нэр, утасны дугаар зэргийг телевизээр цацах, хэвлэх самбарт хадахаас илүүгээр интернетэд зар сурталчилгаа байршуулах нь хэрэглэгчтэйгээ шууд харилцах боломж байж болох талтай.


      Нэмж хэлэхэд  аман хэлбэрээр дамжуулах маркетинг хамгийн их үр дүнтэй байдаг. Энэ аргыг ашиглах олон суваг байгаагаас онлайн харилцаа холбоо болон сошиал медиаг ашиглах нь хамгийн хямд үр дүнтэй юм. Маркетерүүд бүтээгдэхүүнийхээ талаар энэ аргыг ашиглан маш хурдан  шуугиан тарьдаг ба санаагаа моодонд оруулж чадвал мэдээлэл асар хурдан тархдаг байна. 


      Маркетинг бол борлуулалт биш харин бизнесийн үйл явц бүхэлдээ хэрэглэгчийн хэрэгцээг хангах, сэдэл төрүүлэх, шинийг бий болгох, эрж хайх нягт нямбай цогц хүчин чармайлт юм. Эдийн засгийн хямралтай үед хэрэглэгчид хэрэглээгээ танаж эхэлдэг. Энэ үед бүтээгдэхүүний эрэлт багасаж өсөлт удааширдаг. Пүүс үүнтэй санал нэгдэж зардлаа бууруулж ашгаа нэмэгдүүлж болно. Хэрэв цаашдаа эрэлт нь буурсаар л байвал пүүс зах зээлд тэсэж үлдэхийн тулд тэмцэлдэн дампуурах үгүйгээ шийднэ.  Харин үүний оронд хариу арга хэмжээ авч хэрэглэгчдийн таашаалд нийцсэн өөр нэг бүтээгдэхүүн бий болгож үндсэн бүтээгдэхүүнийхээ эрэлтийг давж шинэ үндсэн бүтээгдэхүүн бий болох боломжийг бүрдүүлж болох юм. 

      Гэхдээ шинэ зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах нь эрсдэлээ хоёр дахин нэмж байгааг анхаарах хэрэгтэй. Тиймээс одоо байгаа бүтээгдэхүүнээ сайжруулах уу? эсвэл шинэ бүтээгдэхүүн гаргаад  хаана яаж байрлуулах зэргээс хамааран стратегиа өөр өөрөөр гаргах болно. Мэдээж стратегиа боловсруулсныхаа дараа бүтээгдэхүүнээ брэнд болгох нь хамгийн чухал. Бүтээгдэхүүнийг үйлдвэрт үйлдвэрлэдэг, харин брэндийг оюун ухаанд бий болгодог. Зах зээл хувьсдаг ч сайн брэнд оршин тогтносоор л байдаг. Тиймээс  хэрэглэгчийнхээ юу хүсэж байгааг нь урьдчилж харсаар л байвал хэрэглэгчид  нэмэгдэж ирсээр л байх болно. Маркетинг нь үйлдвэрлэсэн зүйлээ далд оруулах ухаалаг арга замыг хайж олох урлаг биш. Харин жинхэнэ хэрэглэгчийн үнэ цэнийг болгох урлаг юм гэж Котлер  хэлсэн байдаг. 





Comments

Popular posts from this blog

Борлуулалтын төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Менежер ба байгууллагын соёл